Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх санал хүргүүлжээ

Хүүхдийн эсрэг ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд 2015-2016 онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Харин 2017 оны эхний 10 сард 870 орчим гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Сүүлийн үед бага насны хүүхэд, охид, эмэгтэйчүүд хохирсон аймшигт хэргүүд гарч эхэлсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд цаазын ялыг сэргээх санал гарч байсан юм.

Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт хэлэлцүүлэгт ТББ болон төрийн байгууллагууд оролцон тулгарч байгаа асуудлыг хэлэлцсэн юм. Юун түрүүнд хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай олон хууль байгаа хэдий ч хөрсөн дээр хэрэгжиж чадахгүй байгааг оролцогчид хэлсэн юм. Мөн МУ-н Ерөнхийлөгч Х. Баттулга цаазаар авах ялыг сэргээхээр Хууль зүй дотоодын хэргийн яаманд санал хүргүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазаар авах ялыг эргэж харах цаг болсон гэдгийг ерөнхийлөгч хэллээ.

ХЭҮК-ын зүгээс бодит байдалд нийцэхүйц хууль тогтоомж хэрэгтэй гэдгийг анхаарууллаа. Зөвхөн нийслэл хотод гэхэд өмнөх оны мөн үеэс гэмт хэргийн улмаас хохирсон насанд хүрээгүй 869 хүүхэд хохирогч болсон нь өнгөрсөн оныхоос 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Гэвч өнөөдөр улсын хэмжээнд цагдаагийн алба хаагч, гэр бүлийн хүчирхийллийн нэг мэргэжилтэнд 0-18 насны 17 мянга гаруй хүүхэд ногдож байгаа нь хүн хүчний дутагдал ямар байгааг харуулж байна.

Харин ерөнхийлөгч хэлэлцүүлгээр 27 жилийн турш гадаадын хөгжилтэй орнуудыг дагаж хууль цаазын тогтолцоог өөрчилсөн мөн уул уурхайг шүтэж баян хоосны ялгаа бий болж ядуурал ихэссэн зэрэг нь өнөөдрийн байдалд хүргэлээ гэж дүгнэсэн юм. Зөвхөн төр засгийн удирдлагуудаас гадна иргэд хүн бүр дор бүрнээ үүргээ биелүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хар тамхи, хүний наймаа, хүчирхийлэл зэрэг гэмт хэргүүдийн цаана хүчний байгууллагуудын оролцоо ч бас байгаа юм гэдгийг ерөнхийлөгч онцолсон юм.

Б. Одонгарав