Хөгжлийн бэрхшээлийн ангиллыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна

Хөгжлийн бэрхшээлийн ангиллыг шинэчлэх тухай хэлэлцүүлэг боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг долоо ангилж үздэг бөгөөд энэ ангилал нь хэт ерөнхий байгаа гэж үзэж байгаа юм байна.

Тэгвэл үндэсний статистикийн хорооны мэдээлснээр

  1. 2016 оны эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 100 933 хүн байгаа гэж мэдээлж байна.
  2. Үүнийг дотор нь задалбал, харааны бэрхшээлтэй 11001, сонсголын бэрхшээлтэй 8560, хэл ярианы бэрхшээлтэй 4367, хөдөлгөөний бэрхшээлтэй 20127, сэтгэцийн бэрхшээлтэй 18359, хавсарсан бэрхшээлтэй 8052 хүн байгаа гэжээ.
  3. Харин бусад гэсэн ангилалд 30527 хүн байгаа гэж бүртгэгдсэн нь их тоо ч хэт ерөнхий гэж үзэж байгаа юм байна.

Тухайлбал, 2015-2016 оны аль, алинд нь бусад гэсэн ангилалд багтаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо 30 мянга гаруй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад гэсэн ангилалд эрүүл мэндийн улмаас бэрхшээлтэй болсон, дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэг, генетикийн гаралтай зэрэг бэрхшээлүүдийг хамруулан ангилж байгаа нь энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийн тоон судалгаа учир дутагдалтай гэж үзэхэд хүргэж байгаа гэлээ.

Одоогийн гаргаж байгаа саналаар хөгжлийн бэрхшээлийг 11 ангилах асуудал яригдаж байгаа юм. Ингэснээр дээр дурдсан долоон ангилал дээр уналт, таталт, дауны хам шинж, ген хромсомын гаралтай бэрхшээл, оюун ухаан болон суралцах бэрхшээл зэргийг нь тусад нь хөгжлийн бэрхшээл гэж үзэх боломжтой болох юм. Ингэснээр хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд хамрагдах, болоод нарийн тоо гарч, бодлого боловсруулахад илүү дөхөм гэж байна. Хэлэлцүүлгээс гарсан саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо зэрэг холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.

Б. Ширнэн