МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо

МАН-ын XVIII их хурал Улаанбаатар хотноо дөрвөн өдөр хуралдаж намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж улмаар намын шинэ даргаар Монгол улсын 30 дахь ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгож , бага хурлын гишүүдээ шинэчиллээ. Шинээр сонгогдсон МАН-ын бага хурлын гишүүд өчигдөр их хурлын хаалтын дараа үргэлжлүүлэн хуралдаж Удирдах зөвлөл, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг томилсон байна.

XVIII их хурлаар улс төрийн шийдвэр гаргах эрх бүхий бага хурлын гишүүдийн тоог 369 болгож нэмэгдүүлсэн бол удирдах зөвлөлийн тоог 33 байсныг 29 болгон бууруулсан юм. Их хурлаас сонгогдсон бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт орсон. Тодруулбал хуучин бага хуралд хотын фракц давуу эрх эдэлж байсан бол шинэ бүрэлдэхүүнд намын шинэ дарга У.Хүрэлсүхийн тэргүүлдэг зүүний хүчний холбоо фракцынхан давуу эрхтэй болжээ. Хүчний харьцаа ингэж өөрчлөгдсөн нь их хурлын гишүүдийн дунд баггүй маргаан дагуулсан гэх мэдээлэл ч байгаа юм. Шинээр сонгогдсон 396 гишүүнтэй бага хурал өчигдөр орой анхдугаар хуралдаанаа хийж намын ерөнхий нарийн бичгийн дарга , нарийн бичгийн дарга нарыг сонгосон. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улируулан сонгохоор МАН-ын дарга нэр дэвшүүлсэн бол заалнаас Б.Баярмагнайг нэр дэвшүүллээ. Тэгвэл МАН-ын бага хурлын гишүүдийн 74 хувийн саналаар Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож байна.

МАН-ын анхдугаар бага хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг томилжээ. МАН-ын УЗ-ийн 29 гишүүн томилогдлоо. Энэ удаагийн их хуралаар намын бага хурал хийгээд УЗ-ийн гишүүдийн 30% эмэгтэйчүүдээс бүрдэх квотыг оруулж өгсөн. Хэдийгээр бага хурал УЗ-д сонгогогдсон эмэгтэйчүүдийн тоо квотондоо хүрч чадаагүй ч өмнөхөөсөө 2 дахин нэмэгдэж чадсан нь том амжилт гэж дүгнэж байна.

Удирдах зөвлөлийн шинэ гишүүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх , МАН-ын экс дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, Т.Аюурсайхан ,Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Су.Батболд, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Ч.Улаан нар МАН-ын УЗ-ийн гишүүнээр томилогдсон байна. Шинээр удирдах зөвлөлд сонгогдсон 29 гишүүдийг МАН-ын нөлөө бүхий фракцийн төлөөлөл бүрдүүлж чадсан. Тэр дундаа сүүлд албан бусаар хоёр хуваагдаад байсан 32-33-ын бүлгийн гишүүд тэнцүү хуваарилалтаар удирдах зөвлөлдөө багтааж чадсан нь цаашид намын эв нэгдлийг хангахад том алхам болсон гэж гишүүд нь дүгнэж байна.

Ч. Дэлгэрцэцэг