Саудын Арабчууд дасгалжуулагч Эдгардо Баузаг халжээ

Саудын Арабын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Эдгардо Бауза халагдсан байна. Саудын Арабын шигшээ баг сүүлийн хоёр ДАШТ-ийг өнжсөн ч энэ удаад Азийн шилдэг дөрвөн багийн нэгээр ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарчихаад байгаа. Гэвч тэмцээний сугалаа татахаас есөн хоногийн өмнө Саудын Арабын хөл бөмбөгийн холбооноос аргентин эрхмийг халж байгаагаа зарлалаа. Саудын Арабын баг энэ сард Португал, Болгарын багуудад хожигдсон. Өнгөрсөн жил Аргентинийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Эдгардо Бауза энэ жил хоёр дахь удаагаа халагдаж байна. Тодруулбал тэрээр өнгөсрөн есдүгээр сард Бэрт Ван Марвикийн ажлыг авч Саудын Арабын шигшээг удирдан таван тоглолтонд оролцохдоо хоёр хожиж, гурав хожигджээ. Ийнхүү Азийн бүсээс ДАШТ-д шалгарсан таван багийн хоёр нь болох Саудын Араб, Австралийн шигшээ багууд ДАШТ-ий сугалааны өмнөхөн дасгалжуулагчгүй болоод байна.

Э.Энхбаяр