Спортын эмч Ларри Нассарт дор хаяж 25 жилийн ял онооно

Америкийн Гимнастикийн тамирчдын эмч асан Ларри Нассарыг долоон охинд бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгалаа. Түүнийг өнгөрсөн оны долдугаар сард насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр буруутгаж шоронд хорьсон. Тэрээр албан ёсны зөвшөөрөлтэй эмчээр 20 шахам жилийн хугацаанд ажилласан юм. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард лицензээ хураалгасан. Өмнө нь Америкийн гимнастикч охидын мэдэгдэж байснаар 370 шахам охин түүний бэлгийн мөлжлөгөд өртсөн гэж цахим сайтуудад бичиж байлаа. Одоогоор олимпийн наадамд өрсөлдөж байсан Америкийн гимнастикчдаас Али Рэйсмэн, МакКайла Марони, Габби Дуглас тэргүүтэй бүсгүйчүүд Нассарын мөлжлөгөд өртөж байснаа олон нийтэд зарлаад байгаа. Ингэснээр Ларри Нассар хамгийн багадаа 25 жил шоронд хоригдох ялаар шийтгүүлэх юм. Ялын тогтоолыг нэгдүгээр сарын 12-нд танилцуулах юм байна.

Э.Энхбаяр