БНАСАУ-ын цэргийн биеийн байдал сайжирч байна

БНСУ руу нэвтрэх оролдлого нь амжилттай болсон ч нутаг нэгт цэргүүдийнхээ суманд таван удаа оногдож хүндээр шархадсан БНАСАУ-ын цэргийн биеийн байдал хэр байгаа талаар Ажоу эмнэлгийн мэс заслын эмч И Күк Жон мэдэгдэл хийжээ.

Цэргийн биеэс бууны сумыг гаргаж авахын тулд хоёр удаа хагалгаа хийсэн бөгөөд одоо түүний бие дээрдэж амьсгалын аппаратны тусламжгүй өөрөө амьсгалдаг болсон байна. Амь насанд нь учрах аюул нэгэнт ард хоцорсон гэж мэс заслын эмч И Күк Жон хэвлэлийн хурал дээр мэдээлжээ. Түүнчлэн мягмар гарагаас хойш цэрэг ус ууж, телевиз үздэг болсон бөгөөд ойр зуурын асуултуудад хариулж байгаа аж. Харин хараахан юм идэж чадахгүй байгаа бөгөөд дараагийн долоо хоногоос түүнд бага багаар хоол идүүлж эхлэхээр болсон гэж эмч И Күк Жон мэдэгджээ.

Шархадсан цэрэг 24 настай, Ө овогтой гэдэг нь тогтоогдоод байгаа бөгөөд түүнийг Өмнөд Солонгосын хил даваад буудуулсан байдалтай хэвтэж байхад нь тэр даруй Сөүлийн өмнөд хэсэг дэх Сувон дүүргийн эмнэлэг рүү нисдэг тэргээр яаралтай хүргэсэн юм.

Ардчилсан Солонгос улс арван нэгдүгээр сарын 13-нд зэвсэггүй бүсэд гал нээснээрээ Солонгосын дайны дараа 1953 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэрэг боллоо гэж НҮБ-ын Командлал мэдэгдсэн байна.

Эх орноосоо зугтсан цэргийн асуудал дээр БНАСАУ-ын зүгээс олон нийтэд хандаж мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.

Б.Амарзаяа