Нэг, тавын тоон тэмдэглэгээтэй хуванцар сав эрүүл мэндэд хоргүй

Нийслэл хот 850 мянга гаруй өрхтэй. Эдгээрийн 620 мянган өрх нь гэрт мөн амины сууцанд амьдарч байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр 620 мянган өрхийн ундны усны зориулалтын бус савны хэрэглээ буурахгүй байгаа юм. Хэдийгээр хэвлэл мэдээллээр энэ талаар мэдээлдэг ч зах, худалдааны төвүүдээр зориулалтын бус сав худалдаалагдсаар байна.

Барилгын материалын, тосны зэрэг хүнсний бус зориулалтын сав зөвхөн 20 л нь гэхэд 3500 төгрөгийн үнэтэй. Харин ОХУ-д үйлдвэрлэсэн зориулалтын сав 40 орчим мянга, дотоодын үйлдвэрийн зориулалтын сав 18 000 төгрөгийн үнэтэй борлуулагддаг байна. Иргэдийн хувьд мэдээж хамгийн хямд төсрөөр нь зориулалтын бус шар, цэнхэр савнуудыг худалдаж хэрэглэсээр байна.

2015 онд хийсэн судалгаагаар зөвхөн Улаанбаатар хот дахь 297 өрхөд хийсэн судалгаагаар хүнсний бус хуванцар савыг 90 хувь нь ашигладаг гэж гарчээ. 2016 онд засгийн газрын тогтоолоор 2017-2021 оны хооронд хэрэгжих сав, баглаа боодол үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд ээлтэй сав баглаа боодлын үйлдвэрлэлийн бизнес эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар хортой гэгдэх савыг хэрэглээнээс гаргана гэсэн юм.

Хуванцар саванд 1-7 хүртэлх тэмдэглэгээгээр кодолсон байдаг. Үүнээс 3, 7, 6 гэсэн тэмдэглэгээтэй савыг хоол хүнс усны саваар хадгалж болохгүй. Харин 1 болон 5 тэмдэглэгээ нь хоол хүнсэнд ашиглаж болно гэж ДЭМБ-аас зөвлөдөг байна.

Б.Одонгарав