Уул уурхайн салбарын томоохон хуулийн төсөл батлахаар судалж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарын мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай уулзсан байна. Уулзалтад энэ салбарын 40 гаруй мэргэжлийн холбоодын удирдах ажилтнууд оролцож, тодорхой саналуудаа хэлжээ.

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд анх удаагаа салбарынхаа мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзаж, баримталж буй бодлогоо танилцуулсан юм. Энэ үеэр тэрээр уул уурхайн бие даасан нээлтээс хаалт хүртэлх бүх харилцааг зохицуулсан хууль боловсруулахаар хуулийн төсөл бэлтгэж байгаа талаараа хэлсэн бөгөөд эрдэс баялгийнхаа үр шимийг компани төдийгүй ард иргэд хүртэж байх зорилгоор ажлын арга барилыг өөрчлөн ажиллах шаардлагатай байгаа гэсэн юм.

Харин мэргэжлийн холбоодын удирдлагууд энэ салбарын бодлогыг тодорхойлох, ямар нэг шийдвэр гаргахад өөрсдийн оролцоог одоогийнхоос илүү өндөр байлгахыг хүсэж байгаа талаараа ярьсан бөгөөд холбоод бүрд л тулгарч байгаа өөр өөрсдийн асуудлыг амаар болон бичгээр сайдад өгсөн юм.

Геологи, уул уурхай, газрын тос, аж үйлдвэрийн салбарын бодлого, үйл ажиллагаатай холбогдсон бүхий л асуудлаар мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын санал санаачилгыг хүлээж авна гэсэн юм.

Б.Ширнэн