МҮОНРТ жилд үзэгчдээс 3-3,5 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлдэг

Манай улсын олон нийтийн статустай Монголын үндэсний радио, телевиз энэ онд 19,038 цаг буюу нэг сая 142 минутын хөтөлбөр бэлтгэн үзэгч, сонгогчдод хүргэжээ. Одоогоор улсдаа хамгийн студид техникийн шинэчлэл хийж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас “HD” форматад бүрэн шилжих гэж байна. Ингэснээр үндэсний олон нийтийн телевизийн бүх суваг дуу дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүрч эхлэх аж. Үүнээс гадна 2018 оны хоёрдугаар сард “MNB Sport” сувгаа нээхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн англи хэл дээр цацагдах “MNB World” сувгаа 2018 оны наймдугаар сард нээхээр төлөвлөжээ. Ингэснээр дотооддоо бүтээсэн контент олон улсад хүргэхээс гадна спортын тив, дэлхий, олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлнэ. Тухайлбал 2018 онд БНСУ-д зохион байгуулах Пъёнчаны өвлийн олимп, 2020 онд Япон улсад зохион байгуулагдах зуны олимп болон 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг шууд дамжуулахаар бэлтгэл ажлаа базааж эхэлжээ. Одоогоор 600-ийн студийн техникийг шинэчлэх ажил үргэлжилж байна.

МҮОНРТ энэ жил бодлогын шинэчлэлтийн хүрээнд өдөрт 44 хувийн давталттай байсан эфирийн цагийг шууд хөтөлбөрүүдийн тусламжтайгаар 27 хувь болтол нь бууруулсан. Тухайлбал Монголын радио өмнө нь дийлэнхи нэвтрүүлгийг студид бичиж нэвтрүүлдэг байсан бол одоо 17 цагийн эфирийн 70 хувийг шууд дамжуулж байна. Мөн хилийн чанадад суугаа сонсогчиддоо зориулж, радио нэвтрүүлгээ дүрсжүүлж хүргэх болжээ.

Одоогоор МҮОНТ айл өрхийн 60 хувиас хураамжийн орлого төвлөрүүлдэг. Ингэхдээ жилд дунджаар 3-3,5 тэрбум төгрөгийг хураамж болгон авч байна. Гэвч өмнө нь айл өрх, үзэгчдээс хураадаг 500-1100 төгрөгийн хураамжийн 25-30 хувийг хураамж төвлөрүүлдэг байгууллага авдаг байсан бол одоо 15-23 хувь болтол нь бууруулжээ. Ингэснээр үзэгчийн хураамжийн орлого нэмэгдэх боломжтой болсон байна.

Б.Даваасүрэн