“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төсөл хэрэгжиж эхэллээ

Хүүхдийг хүчирхийллээс сэргийлэхийн тулд “Хүүхдэд аюултай болон аюулгүй хүрэлт”-ийн талаар мэдлэг олгох шаардлагатай тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ ажил биеллээ олж, улсын 11 цэцэрлэгт “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд 2598 хүүхэд өөрсдийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болж, цэцэрлэгийн 220 багш энэ чиглэлийн заах арга барилд бэлтгэгдэх юм байна.

Цэцэрлэгийн 4-5 настнуудын дунд биеийн ба бэлгийн хүчирхийллийг таньж мэдэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдад мэдээлэх чадварыг нь үнэлсэн судалгаа явуулсан. Гэтэл дөрвөн настнуудын 49,9 хувь, таван настнуудын 33,6 хувь нь буруу хариулт сонгосон байна. Харин эцэг эхчүүдээс энэ чиглэлээр хүүхэдтэй ярилцдаг эсэхийг тодруулахад 80 орчим хувь нь хүүхэдтэйгээ хүчирхийллийн талаар ярилцдаггүй болох нь тогтоогджээ. Гэтэл олон улсад хүүхдийг бага балчир наснаас нь бэлгийн хүчирхийллээс сэргийлэх зорилгоор хүрэхүйн аюулгүй байдлын талаар тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлж, цэцэрлэгийн наснаас нь биеэ хамгаалах мэдлэг чадвартай болгож төлөвшүүлдэг. Тэгвэл энэ туршлагыг Монголын эмэгтэйчүүдийн сан, Хаорон сангийн дэмжлэгтэйгээр дөрвөн аймаг, нийслэлийн зарим дүүргийн нийт 11 цэцэрлэгт гурван жилийн хугацаанд туршилтаар хэрэгжүүлэх юм байна. Ингэхдээ 11 цэцэрлэгт тус бүрт сургагч багш бэлтгэж, багш хүүхдүүдэд зурагт хуудас, асуулга, тоглоомын аргаар дамжуулан хүчирхийллээс сэргийлэх, “Хүрэхүйн аюулгүй байдал”-ын чиглэлээр ойлголт өгөх юм байна. Тухайлбал биеийн эмзэг хэсэгт хэн хүрч болох, ямар үйлдэл таагүй сэтгэгдэл төрүүлэх болон аюултай нөхцөл байдлын талаар сургалтад тусгасан байна. Төслийг эхний ээлжээр нэгж цэцэрлэг буюу ЧД-ийн 5-р цэцэрлэгт туршилтаар явуулж байгаа. Цаашид Архангай аймгийн Чулуут сумын 8-р цэцэрлэг, Баянхонгор аймгийн Богд сумын 10-р цэцэрлэг, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 12-р цэцэрлэг, БЗД-ийн 6-р цэцэрлэг, БГД-ийн 114-р цэцэрлэг, ХУД-ийн 28, СХД-ийн 117-р цэцэрлэг, Багануур дүүргийн 139-р цэцэрлэгт хэрэгжинэ. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгчид СӨБ-ын байгууллагад бага насны хүүхдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Б.Даваасүрэн