Төсвийн ил тод байдлаараа 100-с 39 оноо авчээ

“Нээлттэй нийгэм” форум төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих иргэний нийгмийн зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс иргэний нийгмийн 40 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд тэд төсөв хэрхэн батлагдаж байгаа, төсөв батлахад иргэдийн оролцоо ямар түвшинд байгаа зэргээр мониторинг хийж, дүнг танилцуулжээ.

Улсын төсөв нь иргэдэд нээлттэй, ойлгомжтой, мөн хүртээмжтэй байх ёстой. Жишээ нь, та төсвийг хараад танд зориулагдсан ямар төсөл хөтөлбөр хэрэгжих гэж байна, үүнд хэдэн төгрөг зарцуулах гэж буйг төвөггүй олж мэдэх ёстой юм.

Харин “Нээлттэй нийгэм” форумаас эрхлэн гаргасан төсвийн ил тод байдлын судалгаанаас харахад аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлаараа 100 хувиас 39 хувийн үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсөв болоод төсөл хөтөлбөрүүдийг харахад ойлгомжгүй байгаа нь бидний төлж буй татварууд хэрхэн, юунд зарцуулагдаж байгааг бид мэдэхгүй, хяналт тавьж чадахгүй өнгөрч байна гэсэн үг юм.

Төсөв ил тод биш, төсвийг батлахад нь иргэд оролцож чадахгүй, хяналт тавихгүй байснаар бид илүү дээр байж болох боломжоо алддаг бөгөөд хяналт илүү үр дүнтэй болсноор авлигыг бууруулах бололцоо нэмэгддэг гэж үздэг юм. Мөн иргэд, засгийн газрынхаа хөтөлбөрийн үр шимийг хүртэх ёстой хүмүүс, иргэний нийгмийн байгууллагууд засгийн газартайгаа хариуцлага тооцох боломжтой юм.

Төсөвт мониторинг хийсэн иргэний нийгмийн байгууллагууд цаашид хяналтын зөвлөл байгуулах юм байна. Мөн тэд өөрсдийн зүгээс төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих, нийтийн сонсгол хийхийг шаардах, төсөв хөрөнгийг үрэгдүүлсэн, үр ашиггүй зарцуулсан зөрчлүүдийг захиргааны шүүхээр нэхэмжлэн хариуцлага тооцуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах юм байна.

Б.Ширнэн