Импортын улаан буудай, хүчит тэжээлийг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо

Энэ онд зуншлага тааруу байснаас ургац алдсан. Үүнээс болж 225 мянган тонн хүнсний улаан буудай, 10 мянган тонн үрийн буудайг импортоор авах шаардлагатай болоод байна. Мөн хадлан тэжээлийн бэлтгэл тааруу байснаас 50 гаруй мянган тонн хүчит тэжээл шаардлагатай болоод байгаа юм. Шаардлагатай хүчит тэжээлийг импортлоход зарцуулагдах 40 орчим тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодотголд тусгасан. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар импортоор оруулж ирэх дээрх бүтээгдэхүүнүүдийг Гааль болон Нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг төслийг хэлэлцэхээр боллоо.

2017 оны ургацаар хүн амын хүнсний хэрэгцээнд шаардагдах улаан буудайн 40 гаруй хувийг л хураан авч чадсан бол ирэх жилийн тариалалтад зориулж аж ахуйн нэгж, иргэд 30 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 24,6 тонн улаан буудайг тус тус нөөцөлсөн бол өвс тэжээлийн тухайд 900 мянган тонныг нөөцөлсөн байна. Үлдэж байгаа хэрэгцээг импортлох шаардлага урган гарсан учраас хойд хөршөөс авах нөхцөлийг ХХААХҮЯ судалж холбогдох яриа хэлэлцээр хийжээ. Ингэснээр энэ оны төсвийн тодотголд шаардлагатай эх үүсвэрийг суулгаад байгаа юм. Мөн импортоор авах тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх юм байна. Ингэхдээ малчдын боломжийг харж мал махаар солих зохицуулалт байгаа эсэхийг судалж хамтад нь хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар тодрууллаа. Мөн өнгөрсөн жил цэцэг өвчний улмаас малаа устгалд оруулсан малчдын нөхөн төлбөрийг одоо хэр нь шийдээгүй байгаа асуудал хийгээд энэ жил Сүхбаатар аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа асуудлуудыг анхаарах шаардлагатайг гишүүд санууллаа.

Ингээд Импортоор авах улаан буудай, хүчит тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ч.Дэлгэрцэцэг